logo
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Цаг үеийн мэдээ

Дэлхийн усны өдөр - 2020

Мэдээ харах

Дэлхийн Усны Өдөр-2020

Ус ба Уур амьсгалын өөрчлөлт

2020 оны Дэлхийн усны өдрийг өнөө үед бүхий л түвшинд тулгамдаж, хүлээн зөвшөөрөгдсөн асуудал болох Ус ба Уур амьсгал сэдвийн дор тэмдэглэж байна.

Ус бол уур амьсгалын бүтээгдэхүүн байхын зэрэгцээ Дэлхий бөмбөрцгийн 70 хувийг бүрхсэн ус, далай, тэнгис дэлхийн уур амьсгалыг тодорхойлно гэж үзэх нь ч бий. Түүнчлэн уур амьсгалын эрдэмтэн судлаачид уур амьсгалын энэхүү өөрчлөлтийн уг үндэс нь байгаль дахь усны эргэлтийн өөрчлөлт доголдол гэж үздэг. Өөрөөр хэлбэл ус, уур амьсгал хоёр бол үүсэл хөгжлийн хувьд ч, шилжилт хөдөлгөөн, төлөв байдлыг тодорхойлохын хувьд ч, хувьсал өөрчлөлтийн хувьд ч салшгүй холбоостой юм.

Ус гол, уур амьсгал, агаар тэнгэрийн уялдаа, холбоосын тухай манай дуу хуур, шүлэг яруу найрагт хүртэл бий. Тухайлбал, гол мөрөнг “… тэнгэр газраас ивлэсэн ...гэж тун онож тодорхойлсон дуу байхад “… ус, уурын ... холбоосын тухай мөр шүлэг найрагт ч бий.

Өнөө цагийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлт байгаль дахь усны эргэлт, усны горим, нөөцөд үлэмж нөлөө үзүүлж, усны нөөцийн тоо хэмжээ өөрчлөгдөн, орон зай цаг хугацааны хуваарилалт алдагдаж, чанар доройтоод байна.

Энэ жилийн "Ус ба Уур амьсгалын өөрчлөлт" сэдэв нь уур амьсгалын өөрчлөлтийн дор дэлхий нийтээрээ усны аюулгүй байдал, усны тогтвортой хүртээмж, хангамж, бүрдүүлэхийн чухлыг онцолсон болно. Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллөөс болж, Дэлхийн олон бүс нутаг, улс орон, голын сав газарт усны асуудал үлэмж хүндэрч, яаралтай хариу арга хэмжээ авах, оновчтой, үр дүнтэй шийдлүүдийг хүлээж байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан усны гачаал болон үр ашиг муутай усны менежмент зэргээс үүдэлтэй асуудлууд зарим улс оронд ДНБ-ийн 6%-д хүрдэг байна.

Уур амьсгалын өөрчлөлт нь агаарын температурын нэмэгдэх, цас, мөсөн бүрхэвч хайлах, багасах, агаар мандлын доод давхаргад усны уур нэмэгдэх, далай, тэнгисийн усны түвшин нэмэгдэх зэргээр илэрнэ. Усны уурын агууламж нэмэгдснээр ялангуяа эх газарт эрчимшил ихтэй аадар борооны давтамж эрс нэмэгдсэн байна. Далай, тэнгисийн түвшин 2100 он гэхэд 1980-1990 оны түвшинтэй харьцуулбал 18-59 см нэмэгдэх хандлагатай байна (IPCC, 2007c).

Дэлхий цэнгэг усны нөөцийн 50 гаруй хувь өндөр уулын бүсийн хайлсан цас мөсний урсацаас бүрддэг. Өнгөрсөн арван жилд Гимлайн нурууны мөстөл 60 шахам хувиар багасаж, Андын нурууны мөстөл бараг алга болжээ.

Хур тунадсаар сэлбэгдэх нөхцөл байдал өөрчлөгдснөөр газар доорх усны түвшин доошлон, нөөц багасаж байна. Усны температурын өөрчлөлт усны чанар, усны амьтан, ургамалд сөргөөр нөлөөлөх болов.

Монгол улсын хувьд гадаргын урсац 1998 оноос аажмаар нэмэгдсээр 1993 онд оргил хэмжээндээ хүрч, жилийн нийлбэр урсац 78.4 км3 болсон байдаг. Харин 1990-ээд оны дунд үеэс эхэлсэн бага устай үе олон жилийн турш үргэлжилж, 2002 онд нийлбэр урсац 16.7км3 болж багассан болно. Нууруудын нийт усан гадаргын талбай 1940-өөд оны үетэй харьцуулбал 7.8% буюу 1200 км2 –ээр хумигдаж, 2015 оны байдлаар том, жижиг 832 нуур хатаж ширгэсэн байна.

Ирээдүйд хур тунадасны хэмжээ өөрчлөгдөхгүй ба урсац бага зэрэг нэмэгдэх төлөвтэй ч ууршил нэмэгдэж, голын сав газрын усны тэнцэл алдагдаж, сав газар улам хуурайших хандлагатай байна гэж эрдэмтэн, судлаачид тодорхойлсоор байна.

УЦУОСМХ

qr code

Хаяг

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн
Жуулчны гудамж-5, Бага тойруу-3,,
Улаанбаатар 15160, Монгол улс
Утас: 976-11-326614
Факс: 976-11-329968